Monday, May 25, 2015

Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1

Санхүүгийн шинжилгээ гэдэг нь санхүүгийн тайлангуудаас хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг олж авахын тулд тайлангуудын үзүүлэлтүүдийг ашиглаж гаргасан компанийн санхүүгийн байдлын тоон шинжилгээ юм. 

Тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээ, ирээдүйн төлөв, тогтвортой байдал зэргийг үнэлэх, компанид хөрөнгө оруулах нь ашигтай эсэх зэргийг тодорхойлох зорилгоор аливаа санхүү/хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд эсхүл мэдээллийн шинж чанартайгаар санхүүгийн шинжилгээг ашигладаг. Түүнчлэн санхүүгийн шинжилгээ нь удирдлагын тайлагналын нэг хэлбэр болж өгдөг.

Мэдээллийн шинж чанартайгаар санхүүгийн шинжилгээг ашиглахдаа голдуу тухайн компанийн салбартаа ямар байр суурьтай эзэлж байгааг, өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад ямар түвшинд байгаа зэргийг хардаг. Санхүү/хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт гэдэгт дараахийг хамруулж ойлгож болно. Үүнд:
  • Компанийн бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх,
  • Компани аливаа төсөл хэрэгжүүлэх, эх үүсвэрийн хэрэгцээг тодорхойлох,    
  • Компани хөрөнгө худалдаж авах, түрээслэх эсэх,          
  • Өр төлбөр төлөх чадвараа тодорхойлох,          
  • Хөрөнгө оруулагчид тухайн компанид хөрөнгө оруулах эсэх.
Санхүүгийн тайлангуудад дараах төрлийн санхүүгийн шинжилгээг хийдэг.
  1. Ашигт ажиллагааны – Profitability
  2. Хөрвөх чадварын – Liquidity
  3. Төлбөрийн чадварын – Solvency
  4. Зах зээлийн – Market test
  5. Тогтвортой байдлын – Stability
Шинжээчид эдгээр санхүүгийн шинжилгээнүүдийг компанийн түвшинд өнгөрсөн хугацааны турш дахь үзүүлэлтүүдийг харьцуулах, улмаар дүн шинжилгээ хийх, ирээдүйн төсөөллийг бий болгоход ашиглах, салбарын түвшинд компаниудыг хооронд нь харьцуулах, тухайн бизнесийн салбарын төлөв байдлыг тодорхойлох зэргээр мөн ашигладаг. (Past performance, future projection, comparative performance)
Нэг төрлийн санхүүгийн шинжилгээ төдийлөн туйлын зөв утгыг илэрхийлэх боломжгүй байдаг бөгөөд бусад шинжилгээнүүдтэй хавсарснаар илүү өргөн, дэлгэрэнгүй утгыг илэрхийлэх боломжтой байдаг.
Ашигт ажиллагааны санхүүгийн шинжилгээ
Ашигт ажиллагааны харьцаанууд нь тухайн компани нь зардлаа нөхөхүйц хэмжээний ашиг олж байгаа эсэхийг, борлуулалтын орлогын үр ашигт байдал буюу хэдэн хувь нь ашиг болон үлдэж байгааг, компани зардлаа хэрхэн зөв зохистой удирдаж байгааг харуулдаг ба 2 төрөлд хувааж болно. Үүнд: ашгийн хувь болон өгөөжийн хувь. Ашгийн хувиар илэрхийлэгдэж байгаа харьцаа нь өөр өөр түвшинд борлуулалтын орлогын хэдэн хувь нь ашиг болон үлдэж байгааг харуулдаг бол өгөөжийн хувиар илэрхийлэгдэж байгаа харьцаа нь компани хувьцаа эзэмшигч нартаа хичнээн хэмжээний өгөөжийг авчирч байгааг, уг өгөөж нь хэр үр ашигтай байгааг илэрхийлдэг.

Тухайн компанийн ашигт ажиллагааны харьцаа нь бусад өрсөлдөгч компаниудын харьцаатай харьцуулахад өндөр эсвэл өөрийн өнгөрсөн хугацааны үзүүлэлтээс өндөр байвал тухайн компанийг сайн үзүүлэлттэй байна гэж дүгнэж болно. Ашигт ажиллагаа гэдэг бол ерөнхийдөө компанийн ашиг олох чадамжийн илэрхийлэл юм.

Нийт ашгийн хувь/Gross profit margin = Нийт ашиг/Цэвэр борлуулалт
Нийт ашгийн хувийг компани ашиг олохдоо түүхий эд материал, хөдөлмөр, үйлдвэрлэлтэй холбоотой үндсэн хөрөнгийг хэр үр ашигтай ашиглаж байгааг, эдгээртэй холбоотой зардлыг хэрхэн удирдаж байгааг тодорхойлоход ашигладаг. Өөрөөр хэлбэл, орлого тогтмол байхад зардлыг бага байлгах, орлого ихсэхэд зардлыг тогтмол байлгах нь чухал бөгөөд ингэж чадвал компани сайн ажилласан гэж үзнэ. Нийт ашгийн хувь өнгөрсөн хугацаанаас болон өрсөлдөгчдийнхөөс өндөр байх нь эерэг үзүүлэлт юм.

Үйл ажиллагааны ашгийн хувь/Operational profit margin (EBIT-earnings before interest and tax) = ҮА-ны ашиг/Цэвэр борлуулалт
Үйл ажиллагааны ашгийн хувь нь компани үйлдвэрлэлтэй шууд бус холбоотой борлуулалт, удирдлагын болон үйл ажиллагааны зардлаа хэрхэн зөв зохистой удирдаж байгааг харуулдаг. Үйл ажиллагааны зардлыг өсгөхгүй байх, тогмтол хэмжээнд барих нь уг харьцааг өндөр байлгах нөхцөл болдог бөгөөд харьцаа өнгөрсөн хугацаанаас болон өрсөлдөгчдийнхөөс өндөр байх нь сайн үзүүлэлт юм.         

Татварын өмнөх ашгийн хувь/Pretax profit margin = Татварын өмнөх ашиг/Цэвэр борлуулалт
Ямар хэмжээний татвар төлж байгааг, төлж байгаа татвар нь цэвэр ашигт хэрхэн нөлөөлж, бууруулж байгааг харж болдог.        

Цэвэр ашгийн хувь/Net profit margin = Цэвэр ашиг/ Цэвэр борлуулалт
Нийт борлуулалтын хэдэн хувь нь цэвэр ашиг болон үлдэж байгааг, 1 төгрөгийн борлуулалтаас хэд нь зардалд зарцуулагдаж, хэд нь ашиг болон үлдэж байгааг харуулдаг. Цэвэр ашгийн хувь өндөр байх нь эерэг үзүүлэлт болдог. 

Өөрийн хөрөнгийн өгөөж/Return on equity = Цэвэр ашиг/Эзэмшигчдийн өмчийн дундаж 
Аливаа хөрөнгө оруулагчид компанид хөрөнгө оруулахдаа тодорхой хэмжээний ашиг олно гэсэн хүлээлттэйгээр хөрөнгө оруулалт хийдэг. ӨХӨ нь хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг компани хэр үр ашигтай зарцуулж, хичнээн хэмжээний ашиг олж байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчийн оруулсан 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөгийн ашиг олж байгааг харуулдаг. Хэрэв компани шинээр хувьцаа нэмж гаргасан бол жилийн турш дахь хувьцааны тооны жигнэсэн дундажийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.

Өсөлт өндөртэй компаниудын хувьд ӨХӨ ихэвчлэн өндөр байдаг. Тухайн компанийн хувьд өнгөрсөн хугацааны /5 жил орчим/ ӨХӨ-ийн түвшинг харахад тухайн компанийн өсөлт өнгөрсөн хугацаанд ямар байсныг илэрхийлэх боломжтой байдаг. Компани ашиггүй, алдагдалтай гарсан тохиолдолд ӨХӨ хасах гардаг. Гэхдээ энэ нь зарим тохиолдолд тийм ч муу зүйл биш байдаг, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулалт нь ашиггүй гэсэн үг биш юм. ӨХӨ-өөс гадна хөрөнгө оруулалт ашигтай үгүйг цэвэр мөнгөн гүйлгээгээр мөн тодорхойлох боломжтой байдаг. 

Нийт хөрөнгийн өгөөж/Return on assets = Цэвэр ашиг/Нийт хөрөнгийн дундаж
Нийт хөрөнгийн өгөөж/Return on assets = (Цэвэр ашиг + Хүүгийн зардал)/Нийт хөрөнгийн дундаж
Компани нь ашиг олохдоо өөрийн хөрөнгөө хэрхэн үр ашигтай ашиглаж байгааг, 1 төгрөг бүрийн хөрөнгө хичнээн хэмжээний ашиг орлого олж байгааг харуулдаг. Зарим тохиолдолд НХӨ-ийг (Цэвэр ашиг + Хүүгийн зардал)/Нийт хөрөнгийн дундаж гэсэн томъёоллоор боддог. Яагаад цэвэр ашиг дээр хүүгийн зардлыг нэмж өгдөг вэ гэхээр хуваагч буюу нийт хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн болон зээлдүүлэгч нарын оруулсан хөрөнгө оруулалтаар олж авдаг, тэгэхээр хуваагдагч нь хувьцаа эзэмшигчдийн болон зээлдүүлэгч нарын аль алинд нь очиж байгаа өгөөжийг агуулсан байх ёстой юм. Цэвэр ашгийг тооцоолохдоо хүүгийн зардлыг хасдаг учир буцаагаад нэмж байгаа юм.

Шинжээчид ӨХӨ-өөс илүүтэй НХӨ нь илүү сайн хэмжүүр болдог гэж үздэг. Яагаад гэвэл хуваагч буюу хөрөнгө нь ямар эх үүсвэрээр санхүүжигдсэн бэ гэдэг нь НХӨ-ийн томъёололд ордоггүй. Жишээлбэл, их хэмжээний зээл авсан компанийн ӨХӨ нь бага зээлтэй компанийн НХӨ-тэй ижилхэн байж болно. 

Санхүүгийн хөшүүргийн хувь/Financial leverage = ӨХӨгөөж – НХӨгөөж
ӨХӨ болон НХӨ хоорондын зөрүү эерэг бол компани нь бага өртөгтэйгээр олж авсан эх үүсвэрээрээ өндөр ашиг олохуйц хөрөнгөнд хөрөнгө оруулсан байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээлж, өндөр хүүтэй хөрөнгө оруулж байгаа юм. Хэрэв хасах утгатай бол эх үүсвэрийн зардал нь хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө өндөр байна гэсэн үг юм.  

Нэгж хувьцаанд ногдох ашиг/Earnings per share = (Цэвэр ашиг – Давуу эрхтэй хувьцаанд төлсөн ногдол ашиг)/Дундаж энгийн хувьцааны тоо
Нэгж хувьцаанд ногдох ашиг гэдэг бол хөрөнгө оруулалтын өгөөж юм. Тайлант хугацааны эцэст нэг энгийн хувьцаанд хичнээн хэмжээний ашиг ногдож байгааг илэрхийлдэг. Компанийн хувьцаа эзэмшигчид оруулсан хөрөнгө оруулалтдаа ямар хэмжээний ашиг хүртэж байгааг харуулдаг. Ижил хэмжээний ашиг олсон 2 компанийн хувьд нэг нь арай бага хэмжээний эзэмшигчдийн өмчтэй буюу бага тооны хувьцаатай, нөгөө нь их хэмжээний эзэмшигчдийн өмчтэй буюу их тооны хувьцаатай тохиолдолд бага тооны хувьцааны компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг илүү өндөр байна. Энэ тохиолдолд дан ганц энэ үзүүлэлтийг биш давхар орлогын чанарын үзүүлэлтийг харах нь зүйтэй.  

Орлогын/ашгийн чанарын үзүүлэлт/Quality of income/earnings = Үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал/Цэвэр ашиг
Нягтлан бодох бүртгэлийн ялгаатай зарим зарчмуудаас шалтгаалаад орлого өндөр бүртгэгдэх тохиолдол байдаг. Тухайлбал бараа материалаа сүүлд авснаа эхэлж зарлагаддаг ба хөрөнгөө богино хугацаагаар элэгдүүлдэг компанийн ашиг бага байх бол, эхэлж авснаа эхэлж зарлагаддаг мөн хөрөнгөө урт хугацаагаар элэгдүүлдэг компанийн хувьд ашиг нь өндөр байх боломжтой. Энэ ялгаа нь нэгж хувьцаанд ногдох ашиг, ӨХӨ, НХӨ гэх мэт бусад харьцаануудад нөлөөлөх боломжтой байдаг учраас орлогын чанарын үзүүлэлтийг давхар харахыг шинжээчид илүүд үздэг. Орлогын чанарын үзүүлэлт нь 1 төгрөг тутмын борлуулалтын орлого нь 1 төгрөг буюу түүнээс дээш мөнгөн урсгалыг оруулж байгаа эсэхийг харуулдаг. Үзүүлэлт 1-ээс дээш гарвал 1 төгрөгийн орлого чанартай байна гэж үзэх ба 1-ээс доош үзүүлэлттэй гарвал орлого нь төдийлөн чанартай байна гэж үзэхгүй.

Эргэлтийн бус хөрөнгийн эргэлтийн харьцаа/Fixed asset turnover ratio = Цэвэр борлуулалтын орлого/Дундаж цэвэр эргэлтийн бус хөрөнгө
Үйл ажиллагааны ашигт ажиллагааг хэмжих өөр нэгэн хэмжүүр нь эргэлтийн бус хөрөнгийн эргэлтийн харьцаа байдаг. Уг харьцааг эргэлтийн бус хөрөнгө ихтэй, үйл ажиллагаандаа их хэмжээгээр ашигладаг компанийн хувьд тооцох нь илүү тохиромжтой байдаг. Компани үйл ажиллагаандаа эргэлтийн бус хөрөнгийг хэрхэн үр ашигтай ашиглаж байгааг энэ харьцаагаар харуулдаг. Эргэлтийн бус хөрөнгөнд оруулсан 1 төгрөг тутмын хөрөнгө оруулалт нь тодорхой хэмжээний борлуулалтын орлогыг/ашгийг бий болгож байгааг илэрхийлдэг. Уг харьцаатай ойролцоо утгыг илэрхийлэх бас нэгэн харьцаа нь Хөрөнгийн эргэлтийн харьцаа = Цэвэр борлуулалтын орлого/Дундаж нийт хөрөнгө бөгөөд энэ нь зөвхөн эргэлтийн бус хөрөнгө биш нийт хөрөнгийн хувьд харуулж байгаа юм.



No comments:

Post a Comment