Monday, May 25, 2015

Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1

Санхүүгийн шинжилгээ гэдэг нь санхүүгийн тайлангуудаас хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг олж авахын тулд тайлангуудын үзүүлэлтүүдийг ашиглаж гаргасан компанийн санхүүгийн байдлын тоон шинжилгээ юм. 

Тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээ, ирээдүйн төлөв, тогтвортой байдал зэргийг үнэлэх, компанид хөрөнгө оруулах нь ашигтай эсэх зэргийг тодорхойлох зорилгоор аливаа санхүү/хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд эсхүл мэдээллийн шинж чанартайгаар санхүүгийн шинжилгээг ашигладаг. Түүнчлэн санхүүгийн шинжилгээ нь удирдлагын тайлагналын нэг хэлбэр болж өгдөг.

Мэдээллийн шинж чанартайгаар санхүүгийн шинжилгээг ашиглахдаа голдуу тухайн компанийн салбартаа ямар байр суурьтай эзэлж байгааг, өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад ямар түвшинд байгаа зэргийг хардаг. Санхүү/хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт гэдэгт дараахийг хамруулж ойлгож болно. Үүнд:
  • Компанийн бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх,
  • Компани аливаа төсөл хэрэгжүүлэх, эх үүсвэрийн хэрэгцээг тодорхойлох,    
  • Компани хөрөнгө худалдаж авах, түрээслэх эсэх,          
  • Өр төлбөр төлөх чадвараа тодорхойлох,          
  • Хөрөнгө оруулагчид тухайн компанид хөрөнгө оруулах эсэх.
Санхүүгийн тайлангуудад дараах төрлийн санхүүгийн шинжилгээг хийдэг.
  1. Ашигт ажиллагааны – Profitability
  2. Хөрвөх чадварын – Liquidity
  3. Төлбөрийн чадварын – Solvency
  4. Зах зээлийн – Market test
  5. Тогтвортой байдлын – Stability
Шинжээчид эдгээр санхүүгийн шинжилгээнүүдийг компанийн түвшинд өнгөрсөн хугацааны турш дахь үзүүлэлтүүдийг харьцуулах, улмаар дүн шинжилгээ хийх, ирээдүйн төсөөллийг бий болгоход ашиглах, салбарын түвшинд компаниудыг хооронд нь харьцуулах, тухайн бизнесийн салбарын төлөв байдлыг тодорхойлох зэргээр мөн ашигладаг. (Past performance, future projection, comparative performance)
Нэг төрлийн санхүүгийн шинжилгээ төдийлөн туйлын зөв утгыг илэрхийлэх боломжгүй байдаг бөгөөд бусад шинжилгээнүүдтэй хавсарснаар илүү өргөн, дэлгэрэнгүй утгыг илэрхийлэх боломжтой байдаг.
Ашигт ажиллагааны санхүүгийн шинжилгээ
Ашигт ажиллагааны харьцаанууд нь тухайн компани нь зардлаа нөхөхүйц хэмжээний ашиг олж байгаа эсэхийг, борлуулалтын орлогын үр ашигт байдал буюу хэдэн хувь нь ашиг болон үлдэж байгааг, компани зардлаа хэрхэн зөв зохистой удирдаж байгааг харуулдаг ба 2 төрөлд хувааж болно. Үүнд: ашгийн хувь болон өгөөжийн хувь. Ашгийн хувиар илэрхийлэгдэж байгаа харьцаа нь өөр өөр түвшинд борлуулалтын орлогын хэдэн хувь нь ашиг болон үлдэж байгааг харуулдаг бол өгөөжийн хувиар илэрхийлэгдэж байгаа харьцаа нь компани хувьцаа эзэмшигч нартаа хичнээн хэмжээний өгөөжийг авчирч байгааг, уг өгөөж нь хэр үр ашигтай байгааг илэрхийлдэг.

Тухайн компанийн ашигт ажиллагааны харьцаа нь бусад өрсөлдөгч компаниудын харьцаатай харьцуулахад өндөр эсвэл өөрийн өнгөрсөн хугацааны үзүүлэлтээс өндөр байвал тухайн компанийг сайн үзүүлэлттэй байна гэж дүгнэж болно. Ашигт ажиллагаа гэдэг бол ерөнхийдөө компанийн ашиг олох чадамжийн илэрхийлэл юм.

Нийт ашгийн хувь/Gross profit margin = Нийт ашиг/Цэвэр борлуулалт
Нийт ашгийн хувийг компани ашиг олохдоо түүхий эд материал, хөдөлмөр, үйлдвэрлэлтэй холбоотой үндсэн хөрөнгийг хэр үр ашигтай ашиглаж байгааг, эдгээртэй холбоотой зардлыг хэрхэн удирдаж байгааг тодорхойлоход ашигладаг. Өөрөөр хэлбэл, орлого тогтмол байхад зардлыг бага байлгах, орлого ихсэхэд зардлыг тогтмол байлгах нь чухал бөгөөд ингэж чадвал компани сайн ажилласан гэж үзнэ. Нийт ашгийн хувь өнгөрсөн хугацаанаас болон өрсөлдөгчдийнхөөс өндөр байх нь эерэг үзүүлэлт юм.

Үйл ажиллагааны ашгийн хувь/Operational profit margin (EBIT-earnings before interest and tax) = ҮА-ны ашиг/Цэвэр борлуулалт
Үйл ажиллагааны ашгийн хувь нь компани үйлдвэрлэлтэй шууд бус холбоотой борлуулалт, удирдлагын болон үйл ажиллагааны зардлаа хэрхэн зөв зохистой удирдаж байгааг харуулдаг. Үйл ажиллагааны зардлыг өсгөхгүй байх, тогмтол хэмжээнд барих нь уг харьцааг өндөр байлгах нөхцөл болдог бөгөөд харьцаа өнгөрсөн хугацаанаас болон өрсөлдөгчдийнхөөс өндөр байх нь сайн үзүүлэлт юм.         

Татварын өмнөх ашгийн хувь/Pretax profit margin = Татварын өмнөх ашиг/Цэвэр борлуулалт
Ямар хэмжээний татвар төлж байгааг, төлж байгаа татвар нь цэвэр ашигт хэрхэн нөлөөлж, бууруулж байгааг харж болдог.        

Цэвэр ашгийн хувь/Net profit margin = Цэвэр ашиг/ Цэвэр борлуулалт
Нийт борлуулалтын хэдэн хувь нь цэвэр ашиг болон үлдэж байгааг, 1 төгрөгийн борлуулалтаас хэд нь зардалд зарцуулагдаж, хэд нь ашиг болон үлдэж байгааг харуулдаг. Цэвэр ашгийн хувь өндөр байх нь эерэг үзүүлэлт болдог. 

Өөрийн хөрөнгийн өгөөж/Return on equity = Цэвэр ашиг/Эзэмшигчдийн өмчийн дундаж 
Аливаа хөрөнгө оруулагчид компанид хөрөнгө оруулахдаа тодорхой хэмжээний ашиг олно гэсэн хүлээлттэйгээр хөрөнгө оруулалт хийдэг. ӨХӨ нь хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг компани хэр үр ашигтай зарцуулж, хичнээн хэмжээний ашиг олж байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчийн оруулсан 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөгийн ашиг олж байгааг харуулдаг. Хэрэв компани шинээр хувьцаа нэмж гаргасан бол жилийн турш дахь хувьцааны тооны жигнэсэн дундажийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.

Өсөлт өндөртэй компаниудын хувьд ӨХӨ ихэвчлэн өндөр байдаг. Тухайн компанийн хувьд өнгөрсөн хугацааны /5 жил орчим/ ӨХӨ-ийн түвшинг харахад тухайн компанийн өсөлт өнгөрсөн хугацаанд ямар байсныг илэрхийлэх боломжтой байдаг. Компани ашиггүй, алдагдалтай гарсан тохиолдолд ӨХӨ хасах гардаг. Гэхдээ энэ нь зарим тохиолдолд тийм ч муу зүйл биш байдаг, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулалт нь ашиггүй гэсэн үг биш юм. ӨХӨ-өөс гадна хөрөнгө оруулалт ашигтай үгүйг цэвэр мөнгөн гүйлгээгээр мөн тодорхойлох боломжтой байдаг. 

Нийт хөрөнгийн өгөөж/Return on assets = Цэвэр ашиг/Нийт хөрөнгийн дундаж
Нийт хөрөнгийн өгөөж/Return on assets = (Цэвэр ашиг + Хүүгийн зардал)/Нийт хөрөнгийн дундаж
Компани нь ашиг олохдоо өөрийн хөрөнгөө хэрхэн үр ашигтай ашиглаж байгааг, 1 төгрөг бүрийн хөрөнгө хичнээн хэмжээний ашиг орлого олж байгааг харуулдаг. Зарим тохиолдолд НХӨ-ийг (Цэвэр ашиг + Хүүгийн зардал)/Нийт хөрөнгийн дундаж гэсэн томъёоллоор боддог. Яагаад цэвэр ашиг дээр хүүгийн зардлыг нэмж өгдөг вэ гэхээр хуваагч буюу нийт хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн болон зээлдүүлэгч нарын оруулсан хөрөнгө оруулалтаар олж авдаг, тэгэхээр хуваагдагч нь хувьцаа эзэмшигчдийн болон зээлдүүлэгч нарын аль алинд нь очиж байгаа өгөөжийг агуулсан байх ёстой юм. Цэвэр ашгийг тооцоолохдоо хүүгийн зардлыг хасдаг учир буцаагаад нэмж байгаа юм.

Шинжээчид ӨХӨ-өөс илүүтэй НХӨ нь илүү сайн хэмжүүр болдог гэж үздэг. Яагаад гэвэл хуваагч буюу хөрөнгө нь ямар эх үүсвэрээр санхүүжигдсэн бэ гэдэг нь НХӨ-ийн томъёололд ордоггүй. Жишээлбэл, их хэмжээний зээл авсан компанийн ӨХӨ нь бага зээлтэй компанийн НХӨ-тэй ижилхэн байж болно. 

Санхүүгийн хөшүүргийн хувь/Financial leverage = ӨХӨгөөж – НХӨгөөж
ӨХӨ болон НХӨ хоорондын зөрүү эерэг бол компани нь бага өртөгтэйгээр олж авсан эх үүсвэрээрээ өндөр ашиг олохуйц хөрөнгөнд хөрөнгө оруулсан байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээлж, өндөр хүүтэй хөрөнгө оруулж байгаа юм. Хэрэв хасах утгатай бол эх үүсвэрийн зардал нь хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө өндөр байна гэсэн үг юм.  

Нэгж хувьцаанд ногдох ашиг/Earnings per share = (Цэвэр ашиг – Давуу эрхтэй хувьцаанд төлсөн ногдол ашиг)/Дундаж энгийн хувьцааны тоо
Нэгж хувьцаанд ногдох ашиг гэдэг бол хөрөнгө оруулалтын өгөөж юм. Тайлант хугацааны эцэст нэг энгийн хувьцаанд хичнээн хэмжээний ашиг ногдож байгааг илэрхийлдэг. Компанийн хувьцаа эзэмшигчид оруулсан хөрөнгө оруулалтдаа ямар хэмжээний ашиг хүртэж байгааг харуулдаг. Ижил хэмжээний ашиг олсон 2 компанийн хувьд нэг нь арай бага хэмжээний эзэмшигчдийн өмчтэй буюу бага тооны хувьцаатай, нөгөө нь их хэмжээний эзэмшигчдийн өмчтэй буюу их тооны хувьцаатай тохиолдолд бага тооны хувьцааны компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг илүү өндөр байна. Энэ тохиолдолд дан ганц энэ үзүүлэлтийг биш давхар орлогын чанарын үзүүлэлтийг харах нь зүйтэй.  

Орлогын/ашгийн чанарын үзүүлэлт/Quality of income/earnings = Үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал/Цэвэр ашиг
Нягтлан бодох бүртгэлийн ялгаатай зарим зарчмуудаас шалтгаалаад орлого өндөр бүртгэгдэх тохиолдол байдаг. Тухайлбал бараа материалаа сүүлд авснаа эхэлж зарлагаддаг ба хөрөнгөө богино хугацаагаар элэгдүүлдэг компанийн ашиг бага байх бол, эхэлж авснаа эхэлж зарлагаддаг мөн хөрөнгөө урт хугацаагаар элэгдүүлдэг компанийн хувьд ашиг нь өндөр байх боломжтой. Энэ ялгаа нь нэгж хувьцаанд ногдох ашиг, ӨХӨ, НХӨ гэх мэт бусад харьцаануудад нөлөөлөх боломжтой байдаг учраас орлогын чанарын үзүүлэлтийг давхар харахыг шинжээчид илүүд үздэг. Орлогын чанарын үзүүлэлт нь 1 төгрөг тутмын борлуулалтын орлого нь 1 төгрөг буюу түүнээс дээш мөнгөн урсгалыг оруулж байгаа эсэхийг харуулдаг. Үзүүлэлт 1-ээс дээш гарвал 1 төгрөгийн орлого чанартай байна гэж үзэх ба 1-ээс доош үзүүлэлттэй гарвал орлого нь төдийлөн чанартай байна гэж үзэхгүй.

Эргэлтийн бус хөрөнгийн эргэлтийн харьцаа/Fixed asset turnover ratio = Цэвэр борлуулалтын орлого/Дундаж цэвэр эргэлтийн бус хөрөнгө
Үйл ажиллагааны ашигт ажиллагааг хэмжих өөр нэгэн хэмжүүр нь эргэлтийн бус хөрөнгийн эргэлтийн харьцаа байдаг. Уг харьцааг эргэлтийн бус хөрөнгө ихтэй, үйл ажиллагаандаа их хэмжээгээр ашигладаг компанийн хувьд тооцох нь илүү тохиромжтой байдаг. Компани үйл ажиллагаандаа эргэлтийн бус хөрөнгийг хэрхэн үр ашигтай ашиглаж байгааг энэ харьцаагаар харуулдаг. Эргэлтийн бус хөрөнгөнд оруулсан 1 төгрөг тутмын хөрөнгө оруулалт нь тодорхой хэмжээний борлуулалтын орлогыг/ашгийг бий болгож байгааг илэрхийлдэг. Уг харьцаатай ойролцоо утгыг илэрхийлэх бас нэгэн харьцаа нь Хөрөнгийн эргэлтийн харьцаа = Цэвэр борлуулалтын орлого/Дундаж нийт хөрөнгө бөгөөд энэ нь зөвхөн эргэлтийн бус хөрөнгө биш нийт хөрөнгийн хувьд харуулж байгаа юм.



Monday, May 18, 2015

Санхүүгийн бус мэргэжилтэй хүмүүст санхүүгийн анхан шатны ойлголт өгөх нь - Санхүүгийн тайлан

САНХҮҮГИЙН ТАЙЛАН: Аливаа нэг этгээд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа тоогоор дамжуулан илэрхийлэхийг санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа гэж ойлгож болно. Этгээд гэдэгт ашгийн төлөө болон ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж байгаа компани, төрийн бус байгууллага, иргэн, төрийн өмчит компаниуд зэргийг хамруулан ойлгоно. Яагаад иргэнг этгээдэд хамруулж байна гэхээр иргэн хүн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж болно, үүнийгээ өөртөө болон гуравдагч этгээд (банк)-д зориулан санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж болно.

Үйл ажиллагаагаа тоогоор тайлагнахдаа 4 төрлийн тайлангаар дамжуулан илэрхийлдэг. Үүнд: 1/ Тайлан тэнцэл буюу баланс, 2/ Орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан, 3/ Өмчийн өөрчлөлтийн буюу хуримтлагдсан ашгийн тайлан, 4/ Мөнгөн урсгалын тайлан. Эдгээр 4 тайлан тус бүрдээ тухай этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг 4 өнцгөөс тайлбарладаг гэж ойлгож болно.

Тайлан тэнцэл буюу баланс нь тухайн бизнесийн үйл ажиллагаа орлого олохдоо ямар хөрөнгийг ашигладаг, тэдгээр хөрөнгүүдийг бий болгохын тулд ямар эх үүсвэр, санхүүжилтээр бий болгосон, тэдгээрийн хэмжээ ямар байгаа зэргийг харуулдаг. Өөрөөр хэлбэл тайлагналын хугацааны эцэст компанийн санхүүгийн байдал нь хичнээн хэмжээний хөрөнгө, эх үүсвэрээс бүрдэж байгааг харуулна. Мөн тайлагналын хугацаа бүрийн эцэс дэх санхүүгийн байдлыг хооронд нь харьцуулснаар тэдгээрийн өөрчлөлтийг харж болно.

Баланс нь Хөрөнгө = Эх үүсвэр (өр төлбөр + эзэмшигчдийн өмч) гэсэн бүтэцтэй байдаг. Балансын хөрөнгө тал нь тухайн компанид орлогыг бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл компани нь бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан орлого олохдоо өөрийн хөрөнгийг ашигладаг. Хөрөнгө нь хөрвөх чадвартай, хэмжигдэхүйц, тодорхой үнэ цэнэтэй байх гэсэн шинж чанаруудыг өөртөө агуулсан байх шаардлагатай байдаг. Эдгээр шинж чанаруудыг агуулснаар аливаа эд зүйл хөрөнгө гэж бүртгэгдэх юм.

Хөрөнгийн хөрвөх чадварыг тодорхойлохдоо тухайн хөрөнгө ямар хугацаанд бэлэн мөнгө рүү хөрвөх боломжтойг харгалзаж үздэг. Энэ шинж чанараас нь хамааруулан хөрөнгийг эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө гэж ангилдаг. Эргэлтийн хөрөнгө гэдэгт 1 жилийн дотор буюу тухайн цаг хугацаанаас хойш 12 сарын дотор бэлэн мөнгө болж хөрвөх чадвартай хөрөнгийг хамааруулна. Эргэлтийн бус хөрөнгө гэдэгт 1-ээс дээш жилийн хугацаанд бэлэн мөнгө болж хувирах боломжтой хөрөнгийг багтаана. Түүнчлэн хөрөнгийг биет байдлаас нь хамааруулан биет болон биет бус хөрөнгө гэж ангилдаг.

Балансад тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн эрхэлж буй үйл ажиллагааг илэрхийлэхүйц байдаг. Мөн компанийн хөрөнгө буюу эдийн засгийн нөөц нь ирээдүйд тухайн компанидаа ашиг орлого, хүлээгдэж буй өгөөжийг бий болгос үүрэгтэй. Баланс дээр тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн нэр дээрх хөрөнгө бөгөөд харин тухайн компанийг эзэмшдэг эздийн хөрөнгө бол биш. Тухайлсан хөрөнгө нь балансад түүнийг анх олж авсан өртгөөр бүртгэгддэг. Балансын хөрөнгө талын бүтцийг харуулбал:


Дээрхээс харахад А компанийн нийт хөрөнгө 2010 оны эцсийн байдлаар 6.3 тэрбум төгрөг байсан бол 2011 оны эцэс гэхэд 68.1%-иар өсч 10.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Балансын хөрөнгө тал 4.3 тэрбум төгрөгөөр өссөн бол мөн эх үүсвэр тал ийм хэмжээгээр өссөн байна.

Компани бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх, орлого олох, шаардлагатай хөрөнгийг олж авахын тулд хангалттай хэмжээний эх үүсвэр буюу санхүүжилт компанид хэрэгтэй бөгөөд тухайн эх үүсвэр, санхүүжилтийг гуравдагч этгээдийн зээл, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө зэргээс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл балансын эх үүсвэр тал нь компанийн гуравдагч этгээдэд өгөх өр төлбөр юм. Балансын эх үүсвэр тал нь өр төлбөр болон хувьцаа эзэмшигчид (компанийн эздийн хөрөнгө)-ийн хөрөнгөөс бүрддэг.

Өр төлбөр гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахад, банкнаас богино болон урт хугацааны зээл авах зэргээс үүсдэг бол хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг компанийн эзэд компанид өгөхөөс гадна компани өөрийн олсон ашгаараа мөн нэмэгдүүлдэг. Өр төлбөр нь мөн төлөгдөх хугацаанаасаа хамаараад богино болон урт хугацаат өр төлбөр гэж ангилагддаг. Богино хугацаат өр төлбөр нь өр үүссэнээс хойш 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй бол урт хугацаат өр төлбөр нь 1-ээс дээш жилийн хугацаанд эргэн төлөгдөхөөр байдаг. Балансын эх үүсвэр талын бүтцийг харуулбал:


Балансын аливаа данс буюу үзүүлэлт баганад байгаа хөрөнгө, эх үүсвэрүүд нь эхний болон эцсийн үлдэгдэлтэй байнгын данс байдаг.

Балансаас юуг харж болох вэ?хөрөнгийн бүтцийг нь ажиглах замаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болохыг, ижил төрлийн компанитай харьцуулснаар ямар хэмжээний компани болохыг, хөрөнгийн болон эх үүсвэрийн бүтэц, ашиг орлогын хэмжээ, тайлант хугацааны өсөлт/бууралт буюу өөрчлөлт, хөрөнгө оруулагчид тухайн компанийн хичнээн хэмжээний ямар хөрөнгө өмчилдөг, ямар хэмжээний өртэй, компанийн эзэд нь компанид хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг харж болдог ба ийм мэдээллийг авснаар хөрөнгө оруулагчид энэ компанид нэмж хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэхэд нь чухал мэдээллийн эх үүсвэр болдог. Мөн салбарын хэмжээнд харьцуулалт хийх нь зүйтэй.

Дараагийн тайлан бол орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан. Уг тайлангаар тухайн тайлант хугацааны туршид компани хөрөнгөөрөө ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ худалдан авагч/хэрэглэгчдэд зарж борлуулснаар хичнээн хэмжээний орлогыг бий болгосон, мөн уг орлогыг олохдоо хичнээн хэмжээний зардал гаргасан, улмаар ямар хэмжээний ашиг, алдагдалтай ажилласныг харуулдаг.

Орлогоо хүлээн авахдаа тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр, зарим хэсгийг нь дараа авах нөхцөлтэйгээр авах бол эндээс авлага үүсч балансын хөрөнгө талд бүртгэгддэг. Харин орлого олохдоо гарч буй зардлын зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлж, зарим хэсгийг дараа төлөх нөхцөлтэйгээр төлөх бол үүнээс өглөг үүсч балансын эх үүсвэр талд бүртгэгддэг. Орлого, зарлагын зөрүү нь ашиг/алдагдал болж гардаг.

Орлого нь зарлагаасаа давсан тохиолддолд ашиг болж түүнийгээ компанид дахин хөрөнгө оруулж, эх үүсвэр талыг нэмэгдүүлснээр хөрөнгөө нэмэгдүүлнэ, их хөрөнгөтэй байснаар илүү орлого олох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ашиг дахин нэмэгдэх боломжтой. Хувьцаат компаниудын хувьд ашгийнхаа тодорхой хэсгийг компанидаа, зарим хэсгийг нь хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилж тараадаг. Ногдол ашиг гэдэг нь хувьцаа эзэмшигч тухайн компанид хөрөнгө оруулснаар авч байгаа ашиг буюу өгөөж юм. Харин компани орлого зарлагаасаа бага тохиолдолд алдагдал болж компанийн эх үүсвэр талыг бууруулна, улмаар хөрөнгө буурна, хөрөнгө буурснаар хангалттай хэмжээний орлогыг үйлдвэрлэх боломжгүйд хүрнэ. Орлогын тайлангийн бүтцийг харуулбал дараах бүтэцтэй байдаг.  

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь орлогыг бий болгоход зарцуулсан шууд зардлууд бол үйл ажиллагааны зардал нь борлуулалтын орлогыг бий болгоход зарцуулсан шууд бус зардал юм. Орлогын тайлангийн дансууд эхний болон эцсийн үлдэгдэлгүй тул түр дансанд бүртгэгддэг. Үйл ажиллагааны зардлууд дундаас элэгдлийн зардал мөнгөөр гардаггүй биет бус зардал юм. Орлогын тайлангийн цэвэр ашиг/алдагдал нь хуримтлагдсан ашгийн тайлангийн буюу өмчийн өөрчлөлтийн тайлантай холбогддог.

Орлогын тайлангаас юу харж болох вэ? Хичнээн хэмжээний ашгийг компани олж байгаа, жил бүрийн орлого зарлагын өсөлт/бууралт буюу өөрчлөлт, борлуулалтын орлоготой шууд болон шууд бус хамааралтай ямар зардлууд байна, ямар үйл ажиллагааны зардлууд ямар хэмжээгээр гардаг, тогтмол болон хувьсах ямар зардлууд байна, ашгийн маржин, тухайн салбарын компаниудтай харьцуулалт хийх.

Хуримтлагдсан ашгийн тайлан буюу эздийн өмчийн тайлангаар цэвэр ашиг болон ногдол ашгийн хуваарилалт нь компанийн тухайн хугацааны эцэс дэх санхүүгийн байдалд ямар нөлөө үзүүлэхийг харуулдаг. Тайлант хугацааны туршид олсон ашиг/алдагдал нь хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлж/бууруулдаг. Хувьцаа эзэмшигчдэд өгөх зарласан ногдол ашиг хуримтлагдсан ашгийг мөн бууруулдаг. Цэвэр ашгийг хуримтлуулах нь компани өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэр болдог.

Ногдол ашгийг зарлах, ногдол ашгийг олгох 2 ялгаатай. Ногдол ашиг зарлах нь компанийн ногдол ашгийн бодлогоос хамаардаг. Ногдол ашгийн бодлого нь тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварт ихээхэн нөлөөлдөг. Хөрөнгө оруулагчид хуримтлагдсан ашгийн тайлангаас тухайн компани бизнесийн ирээдүйн үйл ажиллагаандаа олсон ашгаасаа хангалттай хэмжээгээр дахин хөрөнгө оруулж байгаа эсэхийг хардаг. Хуримтлагдсан ашгийн тайлан нь баланстай холбогддог. Хуримтлагдсан ашгийн тайлангийн бүтцийг харуулбал:


Мөнгөн урсгалын/гүйлгээний тайлан нь тайлант хугацаанд хичнээн хэмжээний бэлэн мөнгөний орж, гарсан урсгалыг, хугацааны эхнээс хугацааны эцэс хүртэл хэрхэн юунаас болж өөрчлөгдөж байгааг харуулдаг. Мөнгөн урсгалын тайлан нь эхний бөгөөд эцсийн үлдэгдэлтэй бөгөөд шинж чанараасаа хамаараад 3 хэсгээс бүрддэг.

Үйл ажиллагааны мөнгөн урсгал нь орлого олох, зарлага гарах үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн урсгал нь компани аливаа хөрөнгийг олж авах, худалдахтай холбоотой. Санхүүжилтийн үйл ажиллагааны мөнгөн урсгал нь компани өөрөө аливаад хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх, эсхүл санхүүжилт авах, ногдол ашиг хуваарилах, нэмж хувьцааа гаргах, эргүүлж татах зэрэг үйл ажиллагаатай холбоотой.

Бэлэн мөнгө нь хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгө юм. Бэлэн мөнгөний хүрэлцээт байдал нь компанийн санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт чухал байдаг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний хүрэлцээт байдлаар тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварыг тодорхойлдог. Компани хичнээн ашигтай ажилласан ч мөнгөн урсгалаа сайн удирдаж чадаагүйн улмаас өр төлбөрөө гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүрдэг. Компаниуд аккруаль сууриар орлого зардлагаа бүртгэдэг учир нь тэдгээрийн орлогын тайлан мөнгөн урсгалыг төдийлөн илэрхийлж чаддаггүй. Учир нь орлого нь бэлэн мөнгө болон авлагаар, зардал нь бэлэн мөнгө болон өглөгөөр бүртгэгдэж байдаг. Мөнгөн урсгалын тайлангийн бүтцийг жишээгээр харуулбал:

Мөнгөн урсгалын тайлангаас юу харж болох вэ?компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ, юунд хөрөнгө оруулж байгаа, ногдол ашгийн бодлого, өр төлбөрөө төлөх чадвар, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ санхүүжилтийн ямар эх үүсвэр ашигласан, мөнгөн урсгалын өөрчлөлт нь эерэг эсвэл сөрөг байгаа эсэх гэх мэт. 

Санхүүгийн 4 тайлан нь хоорондоо уялдаж байдаг бөгөөд нэг тайлангийн үр дүн нөгөө тайлангийн орц болж байдаг. Тайлангууд нь хоорондоо хэрхэн уялдаж байгаа дараах схемүүдээр үзүүлбэл:  




Wednesday, May 13, 2015

Иргэд орон сууцны зээл аваад эргэн төлөлтийн хуваариа хийхдээ үүнийг анхаарч үзээрэй.

Иргэдэд цалингийн, авто машины, хэрэглээний, орон сууцны гэх мэт олон төрлийн зээлийг хэрэгцээндээ зориулан авах шаардлага байнга гардагийг банк санхүүгийн байгууллагууд хангаж өгдөг. 

Зээл авахад банкнаас санал болгож буй хүүгийн түвшин, хугацаа, шимтгэл, барьцаа хөрөнгийн шаардлага, орлогын хүрэлцээ, түүний найдвартай байдал, эргэн төлөлтийн хуваарь гэх мэт олон зүйлсийг анхаарч үзэх нь чухал. Эдгээрээс иргэдийн ихэвчлэн анхаардаггүй зүйл бол ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУВААРИЙН ХЭЛБЭР юм. 

Хэн нэгнээс мөнгө зээлж байгаа бол түүнийгээ буцаан төлөх нь зээлдэгчийн үүрэг. Гэхдээ ингэж төлөхдөө хэрхэн төлөх вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй. Эргэн төлөлтийн хэлбэр нь олон янз байж болно. Тухайлбал, хугацааны хувьд сар бүр, улирал тутам, хагас жил тутам, жилд 1 удаа эсхүл хугацаа эцэст нийт дүнгээр 1 удаа гэх мэт, үндсэн зээлээ төлөхдөө сар бүр тэнцүү дүнг үндсэн зээлээс төлөх эсхүл сар бүр тогтмол дүнг төлөөд түүнээсээ эхэлж хүүгээ төлөөд үлдэгдлээр нь үндсэн зээлээсээ төлөх гэх мэт. 

Ихэнх тохиолдолд арилжааны банкууд эргэн төлөлтийн хэлбэрийг зээлдэгчид тулган шаардах практик байна. Ингэхдээ сар бүр тогтмол дүнг төлүүлж, үүнээсээ эхлээд хүүгийн төлбөрийг төлүүлж үлдэгдлээр нь үндсэн зээлийн дүнг бууруулдаг. Ийм хэлбэрээр зээлээ эргэн төлөх нь зээлдэгчид ашиггүй, зээлдүүлэгчид илүү хүүгийн орлого олох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Яагаад гэхээр урт хугацаанд их дүнд хүү бодох нь банкинд ашигтай. Үүнийг 2 зэрэгцүүлсэн жишээгээр тайлбарлая. Нэгэн иргэн орон сууц худалдан авахаар банкнаас 100,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлэв. Эргэн төлөлтийн хуваарь нь сар сүр тогтмол төлөлттэй гэж үзье. Зээлдэгчийн сар бүрийн орлогоос хамаараад сар бүр төлөх дүн 836,000 төгрөг байхаар байна гэж бодъё. Энэ тохиолдолд эргэн төлөлт нь дараах байдалтай байна.
гэх мэтчилэн үргэлжилсээр ... 

Ингээд харахад зээлдэгч зээлээ хугацаа хэтрүүлэлгүй хугацаандаа "сайн" төлж байсан бол 20 жилийн дараа зээлийн хүүнд нийт 100,045,177.38 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн өмнө зээлсэн 100,000,000 төгрөгөө 20 жилийн дараа 200,045,177.39 төгрөг болгон төлж байгаа юм. 

Харин зээлийг арай өөр хэлбэрээр төлөх боломжтой талаар бодож үзье. Энэ тохиолдолд үндсэн зээлээ сар бүр тэнцүү төлнө. 

гэх мэтчилэн үргэлжилсээр ... 


Эндээс харахад зээлийн хүүнд 20 жилийн хугацаанд нийт 80,173,059.36 төгрөг төлж, 20 жилийн өмнө зээлсэн 100,000,000 төгрөгийг 180,173,059.36 төгрөг болгон банкинд эргүүлэн төлж байгаа юм. Хувилбар 2-ын хувьд сард төлөх нийт дүн эхний хэдэн сард өндөр байх хэдий ч хугацаа өнгөрөх тусам энэ дүн буурна. Банкны зүгээс таны сарын зээл төлж болохуйц орлого 836,000 төгрөг байна, хувилбар 2-ын дагуу зээл төлөх боломжгүй байна гэсэн тайлбар хэлбэл хариуд нь та "тэгвэл эхний хэдэн сардаа хувилбар 1-ийн дагуу 836,000 төгрөгийг төлж байгаад хувилбар 2 луу шилжүүлмээр байна" гэсэн саналыг хэлж болох юм. 

Хувилбар 1 болон 2-ын 20 жилд төлөх нийт хүүгийн төлбөрийн зөрүү 19,872,118.02 төгрөг байна өөрөөр хэлбэл хувилбар 2-оор зээлээ эргэн төлбөл та ийм хэмжээний илүү мөнгө төлөхгүй гэсэн үг. Хувилбар 1, 2-оос харахад хувилбар 2 нь зээлдэгчид, хувилбар 1 нь зээлдүүлэгчид ашигтай байна. Харин үүнийг иргэд тэр бүр мэддэггүй бөгөөд бас анзаардаггүй. Түүнчлэн иргэдийн энэ байдлыг банкууд "ашигладаг" гэж хэлж болно.

Хувилбар 1-ийн хувьд зээлийн 19 дэх төлөлт дээр үндсэн зээлийн үлдэгдэл 96,359,248.85 төгрөг байхад хувилбар 2-ын хувьд 19 дэх төлөлтийн үед үндсэн зээлийн үлдэгдэл 92,083,333.33 төгрөг байна. Эндээс харахад зээлийн төлбөр төлсөн тоо ижилхэн байхад үндсэн зээлийн үлдэгдэл эрс ялгаатай байна. Үндсэн зээлийн үлдэгдэл өндөр бол их хүү төлнө, харин бага бол эсрэгээрээ бага хүү төлнө. 

Тиймээс иргэд зээл авахдаа эргэн төлөлтийн хуваариа оновчтой хийж байх нь чухал бөгөөд энэ талаар зээл судалж буй хүнээсээ лавлаж, өөрийн санал, шаардлагаа хүргэх нь зүйтэй юм.